ҮНДЭСЛЭЛ

Хариуцлагатай бизнесийн зарчмуудыг дэмжих, цаашид хэрэгжүүлэх талаарх дэлхийн хамгийн нөлөө бүхий суурь зарчим болох “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг 2011 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс батлан гаргасан юм. Хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, хүний эрхийг хүндэтгэн дээдлэх бизнесийн байгууллагын хариуцлага болон зөрчигдсөн эрхийг сэргээх механизм нь уг зарчмуудын үндсэн гурван тулгуур юм.

Уг зарчмуудад үндэслэн улс орнууд өөрийн онцлогт тохирсон Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна. Монгол Улс 2019 онд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллийн өргөн оролцоотойгоор Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлсэн. Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь хүний эрхийн зарчмыг нэвтрүүлэх талаар бизнес эрхлэгчдийг тодорхой удирдамж чиглэлээр хангах бодлого, эрх зүйн орчныг бий болгоход чиглэсэн чухал алхам билээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европын Холбоо хамтран Азийн бүс нутагт “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Бизнес ба хүний эрх: хамгаалах, хүндэтгэх, сэргээх механизмаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” бүс нутгийн хэмжээний төслийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд оролцогч орнуудын хамтын хүчин чармайлтаар бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, талуудын мэдлэг мэдээлэл, оролцоог сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, техникийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцох, мэдлэг дамжуулах, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд Монгол улсад хүний эрхийг хамгаалах, сурталчлан таниулах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын дунд бизнесийн үйл ажиллагаанаас шалтгаалан бий болсон хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх, илрүүлэх, бууруулах, хохирлыг арилгуулах үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий зорилго нь хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчдын шинэлэг санаачилгаар дамжуулан “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.

Тэтгэлгийн санал нь бизнесийн үйл ажиллагаанаас улбаалсан хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгахад чиглэсэн цогц арга хэмжээг санал болгосон байх бөгөөд дараах ерөнхий чиглэлд багтсан байна.

  • Үйлдвэрлэл, үйлчилгээний аль нэг салбарт явуулж буй бизнесийн үйл ажиллагаанаас хүний эрхэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг илрүүлж, түүнийг арилгахад чиглэсэн шинэлэг арга хэмжээг санал болгох
  • Хүний эрхийн зөрчлөөс үүдсэн хохирлыг барагдуулахад чиглэсэн арга хэмжээг санал болгох (жишээлбэл, эвлэрүүлэн зуучлах, эвлэрүүлэх гэх мэт)
  • Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ын талаар холбогдох аж ахуйн нэгжүүдэд хэлэлцүүлэг зохион байгуулж, сургалт явуулах (НҮБХХ-өөс гаргасан бэлэн гарын авлагыг ашиглана)
  • Бизнесийн үйл ажиллагаанаас улбаалсан хүний эрхийн зөрчлийг арилгаж хохирогчдыг чадавхжуулах, хүний эрхийг хамгаалагч иргэний нийгмийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар кэйс судалгаа – мэдээлэл бэлтгэх, хүрсэн үр дүн, түүнийг нотлох мэдээллийг хялбар байдлаар харуулах матриц боловсруулах г.м.  

ӨРГӨДӨЛ ГАРГАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Хүний эрхийн чиглэлээр ажилладаг, ашгийн бус, дотоодын (иргэд, орон нутаг, үндэсний түвшний) төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд энэхүү тэтгэлэгт оролцох боломжтой.

Төрийн байгууллага болон ашгийн төлөө бизнесийн байгууллагууд бие даан өргөдөл гаргах боломжгүй ба зөвхөн өргөдөл гаргагч иргэний нийгмийн байгууллагын санал болгож буй төслийн хамтран түншлэгчээр орж болно.

ТӨСӨЛД ТАВИГДАХ ШАЛГУУР

Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нийт хоёр иргэний нийгмийн байгууллагад тус бүр дээд тал нь 34 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. 

Төслийг дараах шалгуураар үнэлж сонгон шалгаруулна:

  1. Өргөдөл гаргагч байгууллагын туршлага, чадавх
  2. Ирүүлсэн санал нь зарласан зорилго, чиглэлтэй нийцэж байгаа эсэх
  3. Төлөвлөж буй үйл ажиллагаануудын үр нөлөө
  4. Төслийн тогтвортой үргэлжлэх, түгээн дэлгэрүүлэх боломж
  5. Хэрэгжих хугацаа, төсвийн бодит байдал

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Саналыг сонгон шалгаруулахдаа техникийн санал (зарласан зорилго, чиглэлтэй нийцэж байгаа эсэх) болон санхүүгийн саналыг хамтатган авч үзнэ. Үнэлгээний нийт онооны 70%-ийг техникийн саналд, 30%-ийг санхүүгийн саналд өгнө. Техник санал нь 70%-аас доошгүй оноо авсан тохиолдолд санхүүгийн саналыг үнэлнэ. Дутуу ирүүлсэн материалд үнэлгээ хийхгүй. Санал ирүүлсэн бүх байгууллагад хариу өгөх боломжгүй бөгөөд зөвхөн санал нь шалгарч, гэрээ байгуулахаар сонгогдсон байгууллагад холбоо барьж мэдэгдэнэ. Үнэлгээний онооны тайлбарыг www.bizhumanrights.mn цахим хуудсаас үзнэ үү.

САНАЛ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Сонирхсон байгууллагууд 2023 оны 2 сарын 28-ны дотор доор дурьдсан материалыг бүрдүүлэн registry.mn@undp.org хаягаар Бизнес ба хүний эрхийн төслийн тэтгэлэгт уралдаанд гэж хаяглан ирүүлнэ үү. Нэмэлт тодруулах зүйл байвал дээрх и-мэйл хаягаар холбогдоно уу.

  • Тэтгэлгийн санал бэлтгэх загварыг ашиглан англи, монгол хэлээр бүрэн гүйцэд боловсруулж ирүүлэх (www.bizhumanrights.mn цахим хуудсаас татаж авах)
  • Өргөдөл гаргагч байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Санал болгож буй төслийн багийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл
  • Өмнө хийж байсан ижил төстэй ажлуудын жишээ (байгууллагын холбогдох туршлага, чадавхийг харуулсан жилийн эсвэл улирлын үйл ажиллагааны тайлан, судалгаа болон бусад тайлан)

Зөвхөн санал нь шалгарсан байгууллагатай холбоо барьж, хариуг мэдэгдэнэ.

Хавсралт:

  1. Ирүүлсэн саналыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд
  2. Өргөдлийн маягт