Хүний эрхийг хүндэтгэх нь дан ганц ёс суртахууны асуудал төдийгүй шударга, хүртээмжтэй, тогтвортой орчинд ажиллахыг зорьж буй ямар ч бизнесийн хувьд заавал дагаж мөрдөх шаардлагатай үндсэн зарчим юм.
Үйл ажиллагаандаа хүний эрхийг хүндэтгэж, нэн тэргүүнд тавьж чадаагүй бизнесийн байгууллага нь ажилтнууд, хэрэглэгчид болон ойр орчмын иргэдийн эрхэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг.
Жишээ нь барилгын компаниуд налуу замын стандартыг мөрдөлгүй налуу замгүй эсвэл стандартын бус налуу замтай барилгуудыг барьж байгаа нь олон бүлэг хүмүүсийн эрхийг зөрчиж буй нийтлэг хүний эрхийн асуудал юм.
Мөн бизнесийн байгууллага ажилтнуудынхаа цалинг цагт нь олгохгүй эсвэл цалинг нь огт өгөхгүй байх, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөөгүйгээс ажилчид гэмтэж бэртэх, түүнчлэн амь насаа алдах хүртэл эрсдэл гарч байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил юм.
Хэдийгээр бизнесийн байгууллагууд ажлын байр бий болгон, хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулдаг ч хүнд ээлгүй, зарим үед бүр халтай орчин нөхцөл бий болгож үйл ажиллагаагаа явуулсаар байгааг энэхүү жишээнүүдээс харж болох юм.
Хүний эрх гэхлээр бизнесийн байгууллагуудын хувьд огт хамаагүй эсвэл зөвхөн төрд хамаатай “тусдаа” асуудал шиг сонсогдож магадгүй. Гэвч бизнесийн байгууллагууд хүний эрхийг хүндэтгэн ажиллах нь тэс хөндлөн зүйл биш бөгөөд байгууллагынхаа бодлого, соёл, өдөр тутмын үйл ажиллагаандаа тусгаад явчихвал хийж баршгүй хэцүү, хөрөнгө мөнгө их шаарддаг, том зүйл биш юм.
Энэ асуудлаар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс бизнесүүдийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг 2022 оноос хойш Япон улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжиж буй Бизнес ба Хүний эрхийн глобал төслөөр дамжуулан хэрэгжүүлж байна.
Бид төслийнхөө хүрээнд компаниудад чиглэсэн бизнес ба хүний эрхийн талаарх ойлголт, тэр дундаа бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн гарч болзошгүй аливаа хүний эрхийн эрсдэл, сөрөг нөлөөллийг илрүүлж, түүнийгээ засаж сайжруулахын тулд “хүний эрхийн магадлан шинжилгээ” гэх арга хэрэгслийг хэрхэн дэс дараатай хийх тухай мэдлэг ойлголт олгох сургалтыг 140 гаруй компанийн 230 гаруй бизнесийн төлөөлөлд хүргэж ажиллаад байна.
Нэгтгээд харахад ихэнх бизнесийн байгуулагуудын хүний эрхийн талаарх мэдлэг ойлголт дутмаг буюу өөрсдийн хийж буй ажлаа төдийлөн хүний эрхтэй холбож үздэггүй байна. Тухайлбал, үйл ажиллагаандаа хүний эрхийг тодорхой хэмжээнд хүндэтгэн ажилладаг боловч бүр тухайлан “хүний эрх” гэдэг талаас нь харж, ойлгодоггүй харин түүнийгээ илүү тогтвортой хөгжил эсвэл ёс зүйн хүрээнд авч үзэх жишээтэй.
Ер нь бизнесүүд бүхий л үйл ажиллагаандаа хүний эрхийг чухалчлах ёстой. Жишээ нь толгой компани нь холбогдох хууль, стандарт дүрмээ мөрддөг атлаа, тэдний ханган нийлүүлэгчид буюу гэрээт компани, өртгийн сүлжээнд нь ажилтнуудынхаа хөдөлмөрийг мөлжих, цалин хөлсийг нь цаг тухайд нь олгохгүй байх, аюултай орчин нөхцөлд ажиллуулах зэрэг зөрчлүүд гарах нь эргээд толгой компанийнхаа нэр хүндийг унагах, цаашлаад үйл ажиллагааны доголдол үүсгэх, хуулийн хариуцлага хүлээх зэрэг эрсдлийг үүсгэдэг байна.
Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллагуудын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтын хэрэгцээ шаардлага өндөр байгааг эндээс харж болохоор байгаа юм.
Түүнчлэн, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчид болон ард иргэд бизнесийн байгууллагуудаас бүхий л үйл ажиллагаагаа байгаль орчин болон хүмүүст ээлтэй байдлаар явуулахыг шаардаж эхлээд байна. Ингэж ажиллах нь бизнесүүдэд ч мөн адил ашигтай бөгөөд урт хугацааны тогтвортой үйл ажиллагаа; ажилтнуудын тогтвор суурьшил болон сэтгэл ханамж; нэр хүнд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнд эергээр нөлөөлж, үүнийг дагаад олон улсын хөрөнгө оруулагчдыг ч татах боломжтой юм.
Бидний сургалтын үр дүнд бизнесийн байгууллагууд хүний эрхийн зарчмыг өөрсдийн үйл ажиллагаандаа тусгаж, энэ дагуу түргэн шуурхай арга хэмжээ авч байгааг харахад таатай байна. Тухайлбал, зарим компаниуд цагийн бүртгэлийн системээ шинэчилж, ажилтнуудынхаа сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр санаачилан хэрэгжүүлж, цалинг нь нэмж, хог хаягдлын менежменттэй болж, үр дүнтэй гомдол барагдуулах механизмтай болох зэргээр сайн туршлагуудыг нэвтрүүлж эхлээд байна.
Тиймээс хүний эрхийг хүндэтгэн ажиллах нь бизнесийн байгууллагууд та бүхний бизнестээ өнөөдөр, шууд хийж болох урт хугацаандаа асар их үр өгөөжөө өгөх хөрөнгө оруулалт юм гэдгийг олж хараасай, хэрэгжүүлж эхлээсэй гэж хүсч байна.
Т.Ариунаа: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Бизнес ба Хүний эрхийн шинжээч
Бизнес ба хүний эрхийн талаарх 2 өдрийн сургалтаа дуусгаж сертификатаа гардан авсан бизнесийн төлөөллүүд | UNDP Mongolia