Япон улсын Засгийн Газрын дэмжлэгтэй НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлж буй Бизнес ба Хүний эрх Глобал төслийн нээлтийн арга хэмжээ боллоо 2022 оны 06 сарын 15-нд боллоо.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён  Кобаяаши Хироюүки болон Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн Орлогч Суурин Төлөөлөгч хатагтай Нашида Саттар нар төслийг нээж үг хэлэхдээ бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа хүний эрхийг хүндэтгэх замаар хариуцлагатай бизнесийг түгээн дэлгэрүүлэхэд, мөн Засгийн Газрын зүгээс Бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэйг онцоллоо. 


Япон улсын Засгийн Газрын санхүүгийн дэмжлэгээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-өөс “Хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх нь: Олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээнд Хүний эрхийн магадлан шинжилгээг нэвтрүүлж, цар тахлын нөлөөнөөс тэгш, шударгаар ангижрахад НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмуудыг ашиглах нь” (Бизнес ба Хүний эрх Глобал) нэртэй шинэ төсөл нь 18 улсад хэрэгжиж байна. Энэхүү төслийн зорилго нь бизнесийн байгууллагууд тэдгээрийн дотоодын болон олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх түнш байгууллагууд гээд бизнесийн бүх үе шатанд “Хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх чадавхийг нь бэхжүүлэхэд оршино. 

НҮБ-аас баталсан “Бизнес ба хүний эрхийн Удирдах Зарчмууд”-д бизнесийн бүх байгууллага өөрсдийн хэмжээ, салбар, байршил, өмчлөл болон бүтцээс үл хамааран үйл ажиллагаанаасаа үүдэлтэй хүн болон байгаль орчинд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор “Хүний эрхийн магадлан шинжилгээ”-г зайлшгүй хийх тухай тусгасан байдаг. Дэлхийн эдийн засгийн томоохон гүрнүүд болох Герман, Франц, Австрали болон Норвеги улсад бизнесийн байгууллагууд “Хүний эрхийн магадлан шинжилгээ” заавал хийдэг байх тухай хууль, тогтоомжийг баталсан бөгөөд Европын Холбооноос энэ төрлийн хууль удахгүй батлахаар яригдаж байна.

 

“Хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх энэхүү үүрэг хариуцлага нь олон улсад төдийгүй, Монгол Улсад бизнес эрхэлж буй дотоодын болон гадаадын компаниудад ч ихээхэн хамааралтай билээ. Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засаг руу шилжиж эхэлсэн үеэс Японы Засгийн газрын зүгээс манай улсад тогтмол дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. 2020 оны байдлаар Монгол Улсад оруулсан Японы гадаад хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд Японы шууд хөрөнгө оруулалттай 670 компани Монгол улсад бүртгэлтэй байна. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа энэ цаг үед Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй дотоод, гадаадын компаниудын “Хүний эрхийн магадлан шинжилгээ хийх” чадавхийг бэхжүүлэхэд Японы Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжих энэхүү төсөл нь ихээхэн хувь нэмэр оруулах юм.